PCDP LLC

Бидний ажлын арга барил | Ёс зүйн дүрэм

“Пи Си Ди Пи” ХХК (цаашид Компани гэх)-ийн Ёс зүйн дүрэм (цаашид Дүрэм гэх) нь бидний бизнесийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг үнэт зүйлс, зарчим, бизнесийн практикийг тогтооно. Энэхүү дүрэмд үйл ажиллагааны явцад цаашид үүсч болзошгүй асуудал бүрийг тусгаагүй ч ёс зүйн ерөнхий хэм хэмжээнүүдийг тусгасан болно.

Компанийн бүх ажилтнууд (цаашид “Ажилтан” гэх) хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх зэрэгцээ аливаа зохисгүй үг, үйлдэл гаргахаас зайлсхийнэ. Мөн энэхүү Дүрэм нь манай бизнесийн түншүүд болон хамтрагч гуравдагч талуудад хамаарах бөгөөд бидний эдгээр зарчмуудад хүндэтгэлтэй хандаж ажлынхаа арга барилд баримталж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бизнесийн ёс зүй, шударга, байдал компанийн нэр хүндийг өргөдөг.

Бид хариуцлагатай, шударга соёлыг эрхэмлэдэг. Тиймээс ч бид дотоод болон гадаад бүх үйл ажиллагаандаа ёс зүй, шударга ёсыг дээдлэн ажиллах ёстой.

Бүх ажилтнууд болон Компанийн нэрийн өмнөөс ажиллаж буй хүн бүр Захиалагчид, Үйлчлүүлэгчид, Зөвлөхүүд, Туслан гүйцэтгэгчид нартай ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцаж, итгэлцэлд тулгуурласан бүтээлч хамтын харилцааг бүрдүүлж ажиллана. Түүнчлэн Захиалагчид, Үйлчлүүлэгчид, Зөвлөхүүд, Туслан гүйцэтгэгчид нараасаа манай компанийн ажилтнуудтайгаа адилхан ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцан хамтын харилцааг хөгжүүлэхийг хүсч байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын хэрэгжилтийг бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа хангах зорилгоор бид энэхүү Дүрмийг баталж, хэрэгжүүлдэг билээ. Зохион байгуулалт сайтай, итгэлцэл, хүндэтгэлд суурилсан, ёс зүйтэй харилцаа, хамтын ажиллагааны орчинг бүрдүүлснээр бид бүхэн компанийнхаа нийтлэг үнэт зүйлсээ эрхэмлэхийн зэрэгцээ тодорхойлсон зорилт, зорилгодоо хүрч чадах юм.  

Компани болон түүний ажилтнууд Монгол Улсын хууль тогтоомжууд болон Пи Си Ди Пи ХХК-ийн дотоод журмууд, стандартыг дагаж ёс зүйн хэм хэмжээ шударга ёсыг баримтлан ажиллана. Ажилтнууд компанийнхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална. Түүнчлэн ажилтан бүр өөрийн ажил, үүрэг хариуцлагад хамаарах аливаа хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой.

Манай компани нь хүний эрхийг хамгаалах зарчмыг тууштай баримталдаг. Бид хүний эрхийг шууд болон шууд бусаар зөрчих аливаа үйл ажиллагаанд оролцохгүй. Захиалагчид, хамтрагч нар Хүн бүртэй хүндэтгэлтэй, шударга хандаж хүний эрхийг хамгаалж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тэгш боломж, хандлага

Компани болон ажилтан нь ажилд авах, ажилд томилох, албан тушаал ахих, шилжүүлэх, ажлаас халах, сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх, цалин хөлсний зохицуулалт зэрэг хөдөлмөрийн бүхий л харилцаандаа тэгш боломж, хандлагыг хангаж ажиллана.

Олон талт байдал, оролцоо

Компани олон талт байдал, оролцоог эрхэмлэсэн соёлыг төлөвшүүлнэ. Нас, хүйс, соёл, шашны итгэл үнэмшил, гэр бүлийн байдал, үндэс угсаа, бие бялдар, нийгэм эдийн засгийн байдал, бэлгийн чиг баримжаа, хандлага, туршлага зэрэг хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч  бүх ажилтнуудад тэгш хүндэтгэлтэй хандаж, хүн бүрийн оролцоог дэмжин ажилладаг.

Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх

Нас, арьсны өнгө, хүйс, үндэсний гарал үүсэл, шашин шүтлэг, гэр бүлийн байдал, ажил албаны үүрэг хариуцлага, гэр бүлийн үүрэг хариуцлага, жирэмслэлт, төрөлт, хөхүүл байдал, эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхах, доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах бүхий л хэлбэрийг хатуу хориглоно.

Ажлын байран дахь дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлж соёлтой, ээлтэй, хүндэтгэлтэй ажлын орчинг бүрдүүлнэ. Ажлын байрны дарамт  нь үг хэлээр, үг хэлээр бус, биемахбодийн байх ба бэлгийн бус эсхүл бэлгийн дарамт гэж байдаг. Үүнд үг хэлээр доромжлох, дээрэлхэж харьцах, эвгүй байдалд оруулах, заналхийлэх, бэлгийн сэдэлтэй эсвэл доромж үгээр дуудах, хүсээгүй сэдвээр, бэлгийн харилцааны сэдвээр ярилцах, хошигнол, зохисгүй зураг, бичлэг, эд зүйлс үзүүлэх, хувийн харилцааг сонирхох, ярих, хэлэлцэх, хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, шүргэх, зохисгүй сэдвээр ярих, бичих, хошигнох, мөрдөж мөшгих зэрэг хэлбэрээр илэрдэг. Ажилтнууд бусдыг доромжлох, ялгаварлан гадуурхах, дайсагнах, гутаах зохисгүй үйлдэл ба үг хэллэгээс ангид ажиллана.

Бидний нэн тэргүүний зорилт бол үйлдвэрлэлийн осол гаргахгүй, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй ажиллах явдал юм.

Компани болон төр, засгийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны тухай хууль, дүрэм журмыг хатуу мөрдөж осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл, аюулгүй, бүтээмжтэй ажлын орчинг бүрдүүлэхийг зорьдог. Ажилтан бүр аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны дүрэм журмыг баримталж осол, гэмтэл, аюултай тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар мэдээлэх үүрэгтэй.

Бид хог хаягдлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, бохирдлыг бууруулах байдлаар хүн болон байгаль орчинд ашиг тусаа өгөх урт хугацааны, үр ашигтай системийг бий болгоход чиглэгдсэн тогтвортой хөгжлийг хангахыг зорьдог.

Ажилтнууд нь практик, хууль тогтоомж, техник технологийн өнөөгийн хөгжилд нийцсэн мэргэжлийн ажил үйлчилгээг Захиалагч болон үйлчлүүлэгчдэд үзүүлэхийн тулд өндөр түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх, түүнийгээ байнга хөгжүүлэх үүрэгтэй бөгөөд холбогдох техникийн болон мэргэжлийн стандартуудын шаардлагуудыг хангаж тууштай ажиллана.

Компани нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

Хувь хүний ашиг сонирхол Компанийн ашиг сонирхолтой зөрчилдөх тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсдэг; мөн ажилтны үйлдэл эсхүл хувийн ашиг сонирхол нь тухайн ажилтны компанийн өмнө хүлээсэн ажил үүргийг зүй зохистойгоор гүйцэтгэх чадварт саад учруулах үед тохиолдож болно; эсхүл тухайн ажилтан эсхүл гэр бүлийн гишүүн тухайн ажилтны албан тушаалтай нь холбоотойгоор Компанийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний төлбөр, хэрэглээний зээл, тэтгэмж, төлбөр зэрэг хувийн ашиг тусыг зүй бусаар хүртсэн бол; эсвэл нууц болон нууцлал бүхий мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хувийн ашиг олох үед ихэвчлэн тохиолддог.

Ажилтнуудыг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар Захиргаа, Хүний нөөцийн албатай хамтрах ажиллах, шаардлагатай тохиолдолд тодруулга авч байхыг зөвлөж байна. Ажилтан нь аливаа зөрчил эсхүл болзошгүй зөрчлийн талаарх мэдээллийг Компанийн шууд удирдлагууд, менежерүүд, захирлуудад шуурхай мэдээлж мэдэгдэх үүрэгтэй.

Компанийн аливаа шийдвэрүүд нь Компанийн зорилгод нийцтэй байх бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй байна. Бид ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж албан тушаал эсхүл компанийнхаа хөрөнгийг хэзээ ч хувийн ашиг олох зорилгоор ашиглахгүй.

Ажилтнууд өрсөлдөөний тухай хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Бид бизнесийн түншүүд болон өрсөлдөгчидтэй харилцахдаа эсхүл өөр аливаа байдлаар ашиг олох зорилгоор шударга бус болон хууль бус үйлдэл хийхийг хориглодог. Бид чөлөөт бөгөөд шударга өрсөлдөөний зарчмаар бизнес эрхэлдэг.

Шударга бус өрсөлдөөний давуу талыг бий болгоход чиглэсэн аливаа үйл ажиллагааг компани дэмжихгүй. Ажилтан гуравдагч этгээдтэй байгуулсан холбогдох гэрээг зөрчих аливаа үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхгүй бөгөөд тухайн этгээдтэй ажиллах хугацаандаа олж авсан эсхүл түүнтэй холбоотой аливаа нууц мэдээлэл, худалдааны нууцыг шууд болон шууд бусаар ашиглах, задруулахыг хориглоно.

Компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох хууль тогтоомжуудыг чанд дагаж мөрдөх бөгөөд тайлан, баримт бичгүүд, гэрчилгээ, мэдүүлгүүдийг холбогдох төрийн албаны ажилтнуудад үнэн зөв, бүрэн гүйцэд гаргах бөгөөд гэрээнд орсон өөрчлөлтүүдийг зохих ёсоор баталгаажуулсан байх ёстой.

Бид авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулна.

Бид авлига, хээл хахуулиас ангид байж аливаа хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид ашиг тус хүртэх, давуу тал олгох байдлаар шууд болон шууд бусаар, зүй ёсны бус болон зөвшөөрөлгүй төлбөр хийх, мөнгө шилжүүлэх, санал болгох, амлахыг хориглоно.

Улс төрийн бус байгууллагуудыг ивээн тэтгэх, хандивын үйл ажиллагаа ил тод байх бөгөөд эдгээрийг аливаа гарах шийдвэрт нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор хийхгүй.

Бид хүний нэр төр, хувийн мэдээлэл, хувь хүний нууцыг хүндэтгэж, ажилтнуудын бүртгэл, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалдаг.

Бидний бизнесийн амжилтын салшгүй хэсэг бол компанийн нууц мэдээлэл, түүнчлэн ажилтнууд, захиалагчид, бизнесийн түншүүдээс бидэнд итгэмжлэгдсэн олон нийтэд нээлттэй бус мэдээллийг хамгаалах явдал юм. Нууц болон өмчийн мэдээлэлд үнэ болон санхүүгийн мэдээлэл, захиалагчийн нэр/хаяг эсвэл одоогийн болон боломжит ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчид зэрэг бусад компаниудын олон нийтэд мэдээлдэггүй мэдээлэл орно. Бид эрх бүхий этгээдийн болон хууль эрх зүйн зохих зөвшөөрөлгүйгээр нууц болон нийтэд мэдээлээгүй мэдээллүүдийг задруулахгүй.

Манай бизнесийн үйл ажиллагаанд гагцхүү шаардлагатай захиалагч, түншүүд, хамтрагчдын санхүүгийн болон хувийн мэдээллүүдийг цуглуулж, ашиглаж, хадгалдаг. Бид тэдгээр мэдээллүүдийг гагцхүү холбогдох хүн эсвэл аж ахуйн нэгжээс шууд авах бөгөөд эдгээр мэдээллүүдийн баталгаат байдлыг хангах зорилгоор зөвхөн баталгаатай, найдвартай эх сурвалжуудыг ашиглана.

Бид мэдээллийг зөвхөн хуульд заасан эсвэл заасан хугацаанд хадгалах бөгөөд эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах болно.

Компанийн нөөц компанийн бизнесийн хэрэгцээнд зориулагдсан. лКомпанийн нөөцөд оффис, хангамж, тоног төхөөрөмж, хэрэгсэл, бараа материал, тээврийн хэрэгсэл, компанийн сан зэрэг биет өмчүүд, түүнчлэн нууц болон өмчийн мэдээллүүд, оюуны өмч, мэдээллийн систем зэрэг биет бус хөрөнгө орно.

Ажилтнууд манай компанийн биет болон биет бус хөрөнгийг ариг гамтай хэрэглэж, хамгаалах үүрэгтэй. Хувийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрөх боловч гагцхүү хариуцлагатайгаар, ажлын байранд саад учруулахгүйгээр, ажлын гүйцэтгэл, бүтээмжид нөлөөлөхгүйгээр л ашиглахыг зөвшөөрнө. Компанийн компьютер, принтер, хувилагч, факсын бусад техник, хэрэгслийг компанийн бус хөндлөнгийн үйл ажиллагаанд, шашин шүтлэг, улс төрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.

Компанийн мэдээллийн сүлжээ болон ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажилтанд компаниас олгосон компьютер эсвэл цахим төхөөрөмж, интернет, дотоод сүлжээний хэрэглээний талаарх бүх өгөгдөл, мэдээллийг компани хянах эрхтэй. Компанийн нөөцийг (жишээ нь: цахим шуудан, цахим мессеж, интернет, компанийн сүлжээ) ашиглан хүчирхийлэл, заналхийлэл, бэлгийн агуулгатай, цахим мөрийтэй тоглоомын аливаа материалыг үүсгэх, хандах, хадгалах, хэвлэх, хүсэлт гаргах, илгээхийг хатуу хориглоно.

Ажилтны эзэмшилд байгаа Компанийн бүх өмч хөрөнгө, түүнчлэн нууц болон нууц биш бүх төрлийн мэдээлэл, өгөгдөл, бүртгэлийг Компанид буцааж өгнө.

Оюуны өмч

Компанийн оюуны өмчийг хамгаалах үүднээс компаниас зөвшөөрсөн эсхүл аливаа гэрээнд тусгагдаагүйгээс бусад тохиолдолд ажилтан нь компанид хамааралгүй этгээдэд задруулах эрхгүй. Түүнчлэн аливаа мэдээллийг ажил үүргийн хувьд бусад этгээдэд мэдээлэхээс бусад тохиолдолд компанийн дотоодод мэдээлэхийг хориглоно. Ажилтан компанийг орхисны дараа ч өөрт буй нууцлалыг хадгалах үүргийг хүлээнэ.

Компанийн нөөц, зардал, ажил үүргийн хүрээнд бий болсон аливаа оюуны өмчийн эрхийг компани хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд эдэлнэ. Бусдаас бидний оюуны өмчийн эрхийг хүндэтгэнэ гэж бид бусдаас найддаг шиг бид бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэж тусгай зөвшөөрөл, лиценз болон бусад ижил төстэй гэрээний шаардлага, нөхцөлүүдийг хангаж ажиллана.

Мэдээллийн болон Кибер аюулгүй байдал

Ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор цуглуулсан хувийн болон бизнесийн мэдээлэлтэй ажиллахдаа холбогдох нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнчлэн гэрээний шаардлагуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэхүү хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс дүрмийн зөрчлөөс гадна мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой иргэний болон/эсвэл эрүүгийн хуулийг хариуцлагад хүргэж болзошгүй.

Бид захиалагчид болон компанийн мэдээлэлтэй ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд тэдгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг зорьж ажилладаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийн халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд шифрлэх, хандалтын хяналт, сургалт явуулах зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Нууцлалтай мэдээлэл

Ажилтан ажил үүргийн хувьд компанийн онцгой өмч болох оюуны өмч, худалдааны нууц, өмчийн мэдээлэл, нууцлалтай мэдээлэлтэй ажиллах тохиолдлууд гардаг. Ажилтан нь нууцлал бүхий мэдээллийг зөвшөөрөлгүйгээр санаатай болон санамсаргүй байдлаар бусдад задруулах, олшруулах, хуулбарлах, орчуулах, задруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно.

Ажилтан зөвшөөрөлгүйгээр нууцын болон өмчлөлийн зэрэглэлтэй мэдээллийг задруулахыг хориглоно. Мөн түүнчлэн нууц мэдээллийн тухай ресторан, ариун цэврийн өрөө, такси, онгоц, цахилгаан шат, компанийн нийтийн эзэмшлийн талбай зэрэг бусдад сонсогдохуйц газруудад ярилцах, хэлэлцэхээс зайлсхийх ёстой.

Ийм мэдээлэлд хандах эрх бүхий эсхүл хянаж байгаа ажилтнууд мөнгө олох эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг задруулах, ашиглах гэх зэргээр нууц мэдээллийг буруугаар ашиглахаас байнга урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Аливаа хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчихөд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Ажилтан ажлаас чөлөөлөгдөх, халагдах тохиолдолд өөрийн мэдэлд байгаа бүх нууц мэдээллийг шууд болон компанийн удирдлагад шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол уг нууц мэдээллийг устгах ёстой. Тэд нууц мэдээллийн хуулбарыг ямар ч хэлбэрээр өөрсдөдөө хадгалж болохгүй. Компанийн хуучин ажилтнууд ямар ч шалтгаанаар нууц мэдээллийг задруулах, ашиглахыг хатуу хориглоно.

Компанийн бүх ажилтнууд болон хамтрагч гуравдагч этгээдүүд энэ дүрэмд заасан үнэт зүйлс, хэм хэмжээнүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрвээ компанийн бодлого, хэм хэмжээний заалтуудын талаар тодорхойгүй зүйл байвал асуулт лавлах, тодруулах эрхтэй. Ажилтнууд энэхүү дүрмийн хэм хэмжээнүүдийн зөрчлийг мэдээлэх үүргийг хүлээнэ.

Энэхүү дүрмийн хэм хэмжээнүүдийн зөрчил эсхүл болзошгүй зөрчлийн талаар мэдээлэгч аливаа ажилтан, хуулийн этгээдэд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй үйлдлийг хориглоно. Энэ нь мөн аливаа зөрчил, зөрчилд хүргэж болзошгүй нөхцөл байдал, үйлдлийг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ажилтан, хуулийн этгээдэд хамаарна. Энэхүү заалтыг эрх бүхий ажилтнууд, шууд удирдлага, менежер, гүйцэтгэх албан тушаалтан эсвэл бидний гэрээ байгуулсан компаниуд дагаж мөрдөнө.

Энэхүү дүрмийн зөрчил, хээл хахууль, авлига, залилан мэхлэх, бусад ёс бус үйлдэл, ёс зүйн зөрчлийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү дүрмийг дагаж мөрдөөгүй тухай мэдээлсэн эсхүл зөрчлийн тухай сэжиглэж буй тохиолдолд бид хянан шалгах, нөхцөл байдлыг засч залруулах арга хэмжээнүүдийг авах эрхтэй.  Энэхүү дүрэм, бусад компанийн бодлого, дүрэм журмууд эсвэл аливаа хуулийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу зохих сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд үүнд ажлаас нь халах хүртэл багтана. Хэрэв манай бизнесийн түншүүдээс бидний энэхүү дүрмийг зөрчвөл бизнесийн харилцааг цуцлах үндэслэл болно гэж үзэх эрхтэй.

Энэхүү Дүрмийг дагаж мөрдөж ажиллах нь манай компанийн нийт ажилтнууд болон бизнесийн түншүүдэд чухал ач холбогдолтой. Энэ нь бид хамтын бизнесийг хөгжүүлэх бөгөөд бид бүхнийг хуулийн хүрээнд хамгаална.

Ажилтнууд энэхүү дүрмийн зөрчлийн тухай мэдээллийг Удирдлагын баг эсвэл Захиргаа хүний нөөцийн албанд мэдэгдэж зохих арга хэмжээг авахуулах, зөрчлийг арилгахыг зорьж ажиллана. Түүнчлэн, энэхүү дүрэмтэй холбоотой асуулт, эсвэл тодорхой нөхцөл байдалд хэрхэн зөв ажиллах талаар асуулт, санал, шүүмж, эргэлзээ байвал тэдэнтэй ярилцаж зөвлөмж авна.

Ажилтнууд нь энэхүү дүрмийн зөрчил, зөрчлийн болзошгүй нөхцөл байдлын тухай мэдээлэл, бусад асуудлуудын талаарх мэдээллийг нэрээ нууцлан эсхүл нууцлалтайгаар, аливаа дарамт шахалт, сүрдүүлэлт бусад сөрөг нөлөөллөөс айж эмээлгүйгээр Захиргаа хүний нөөцийн албанд мэдээлэх эрхтэй.